П.Цэцэгмаа: Дулаалга, дээвэр, цахилгаан шатыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцанд 762 цахилгаан шат байдгаас 266 цахилгаан шатыг зайлшгүй шинэчлэх шаардлага гэсэн судалгаа гарчээ. Судалгааны дагуу 2013 оноос хойш Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлага, дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн ИТХ-ынхан улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр цахилгаан шат шинэчлэлийн ажлыг эрчимтэй шат дараалалтай зохион байгуулж байгаа аж.

2016 оны байдлаар 353 цахилгаан шат шинэчлэж, шинэчлэх шаардлагатай цахилгаан шатны 95 хувийг хамруулж чадсан байна. Одоогоор шинэчлэх шаардлагатай 54 цахилгаан шат байгаа бөгөөд 31 нь хүн зөөврийн, 23 нь ачааны цахилгаан шат үлджээ.

Мөн хуучны угсармал орон сууцны гадна, дотно дулаалгын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр шат дараатайгаар зохион байгуулж байна.

БГД-ийн ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа “БГД-ийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас иргэдийнхээ аюулгүй тухтай амьдрах нөхцөл боломжийг хангах үүднээс олон арван ажил хийж бүтээж байна. Үүний нэг нь дулаалга, цахилгаан шатны ажил юм. Манай дүүрэгт байгаа орон сууцнуудын ихэнх нь 30-40 жилийн өмнө ашиглалтад орсон учраас дулаан алдагдалтай. Тиймээс байрны гаднах пассадны дулаалгын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм. 2016 онд 1а байрны дулаалгын ажлыг хийсэн. Энэ байранд 45 өрх айл амьдардаг. Дулаан алдагдал ихтэй, хуучны тоосгон байр байсан. Энэхүү дулаалах ажлыг дүүргийн хөрөнгөөр буюу 80 сая төгрөгөөр хийж чадсан. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлж, цахилгаан шат, дулаалга, дээврийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ”

БГД-ийн 1а байрны оршин суугч Т.Гонгор “Дулаалгын ажил хийгдэхээс өмнө манай байр сэрүүхэн хүйтэн байсан. Тэгээд оршин суугчдын зүгээс дүүрэг, ИТХ-ын удирдлагуудад хүсэлт гаргасан. Улмаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон БГД-ийн Засаг дарга, ИТХ-ынхан хүсэлтийг хүлээн авч шинэ технологиор байрны дулаалгын ажлыг хийж өгсөн. Одоо бид футболктойгоо л өвөлжиж байна. Үнэхээр сайхан байна. Ая тухтай оршин суух боломж хангагдсан”

БГД-ийн Засаг даргын орлогч Э.Батбилэг “БГД-ийн хэмжээнд орон сууцны зориулалттай 800 орчим байшин барилга байдаг. Үүнээс 639 блокийн 762 цахилгаан тоологдсон.

Тиймээс засвар үйлчилгээний ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй болж, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн дэмжлэгтэйгээр “Лифт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 407 цахилгаан шатыг шинэчлэх шаардлагатайгаас 353 лифт бүрэн шинэчлэгдэж, 54 лифтийг шинэчлэхээр ажиллаж байна. Засах ёстой цахилгаан шатны хэрэгжилт 95 хувьтай байна. 54 лифтээ шинэчлээд дуусвал 100 хувь болно.”