“ЖАНРАЙСИГ БУРХАНЫ ХИШИГ” МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА ЦЭДЭНДОРЖИЙН ЧИМЭД-ОЧИРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ, ХҮЧИТ 224 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Монгол улсын даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын мэндэлсний 100 жилийн ой, “Жанрайсиг бурханы хишиг” үндэсний бөхийн барилдаан 2016 оны 12-р сарын 11 өдөр Монгол бөхийн өргөөнөө боллоо.

Барилдааныг нээж УИХ дахь, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд Гандантэгчилэн хийдийн лам нар Жанрайсиг бурханы тарни, Дашчийрав тэргүүтэй ном уншиж, сан тавьснаар хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлсэн юм. Барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Н.Батзаяа, Ш.Уламбаяр Улсын начин Т.Баасанхүү, Ч.Ганзориг тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглож хурсан олныг баясгалаа.

Монгол улсын даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын гэр бүл, үр хүүхдүүдэд УИХ дахь, Ардчилсан намын бүлгийн дарга, Архангай аймгийн “Хайрхан” сумын Нутгийн зөвлөлийн дарга С.Эрдэнэ, Архангай аймгийн Хайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа.

Энэхүү барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын начин, Чөлөөт бөхийн ОУХМ, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга Чагнаадоржийн Ганзориг түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, улсын начин Л.Лха-Очир үзүүрллээ. Их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нар шалгарлаа.

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Архангай аймгийн Хайрхан сумын нутгийн зөвлөл, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчинлэн хийд, МҮБХ-той хамтран зохион байгуулсан тус барилдааны үеэр зон олон урт наслахын бэлгэдлээр зүүн гартаа луун толгойт зургаадай таяг барьж, баян сайн явахын бэлгэдлээр цагаан дээлийг өмссөн Цагаан өвгөн хурсан олонд хишиг хүртээсэн юм.

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ