“Баянголд үйлдвэрлэв-6” Цагаан сар-2017 үзэсгэлэн худалдааны нээлт боллоо

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Иргэний танхим, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчилах, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 6 дахь удаагаа зохион байгуулж байна.


Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг сар шинийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж буй бөгөөд тус үзэсгэлэн худалдаа 2017 оны 02 дугаар сарын 01-ээс 25-ны хооронд “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт зохион байгуулагдаж байна.


Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус дүүргийн 150 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.


“Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдааны нээлт 2017 оны 02 дугаар сарын 08 ны өдөр Морь цагт эхэлсэн бөгөөд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, дэд дарга Б.Бурмаа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон ИТХ-ын төлөөлөгчид мөн дүүргийн холбогдох хэлтэс албадын дарга нар, Баянгол дүүргийн 23 хорооны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд оролцлоо.


Энэхүү арга хэмжээ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг, худалдан авагчид нь зорьж очин үйлчлүүлдэг нэр хүнд бүхий тогтмолжсон ажил болж чаджээ.

 

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал