Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд "Баянгол агропарк" ОНӨУТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Мэдээг хуваалцах

Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг зарласан. Утаа, агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн тарифыг тэглэх зэрэг арга хэмжээ авч байгаа. Тэгвэл агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь мод үржүүлгийг ихэсгэх, агропарк байгуулах гэдгийг судлаачид ярьж байна.

БГД-ийн ИТХ-ын дарга Г.ЭНХБОЛД: ХОТОО НОГООН БОЛГОХ ЗОРИЛТ ТАВЬСАН

Манай улсын хэмжээнд ганцхан агропарк байдаг аж. Тус паркийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Тус агропарк нь Баянгол дүүргийн 20 хороонд 50 га газрыг хамардаг юм байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар 2014 онд байгуулсан агропаркад өдгөө 22 нэр төрлийн 17880 ширхэг мод тарин хамгаалж байгаа аж. Энэ талаар Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхболд “Баянгол дүүргээс сонгогдсон С.Эрдэнэ гишүүн анх мод тарих, үржүүлэх агропарк байгуулахыг санаачилж, ажил болгож байлаа. Энэхүү агропаркийн гол зорилго нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эко сургалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, нийслэлийн хэмжээнд эко байгууламж байгуулах юм.

Манай дүүрэг хавар намартаа нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод тарьдаг. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд зөвхөн өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан 13- 14 мянган модыг тарьж ургуулсан байна. Цаашид иргэдэд амарч зугаалах боломж олгох бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Мөн иргэдэд эко сургалт орох сургалтын бааз, хотоо ногоон болгох мод үржүүлэгийн үйл ажиллагааг явуулна" гэв.

 

Д.ГАНЗОРИГ: ЖИЛ БҮР 112 ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАДАГ

Баянгол Агропарк ОНӨУТҮГ -ын дарга Д.Ганзориг “Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2015 онд 50 га газрын 6 км хашаа хийгдээд дууссан. Өмнө нь хашаагүй байхад цементийн хог хаягдал хаягдах, барилгын илүүдлийг энд хаях зөндөө сөрөг үйлдэл байсан. Энэ нь туул голын эрэг дагуу байдаг учраас байгаль орчинд сөрөг нөлөөтэй байсныг бид орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хамгаалж авч чадсан” гэлээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж жил бүр Баянгол дүүргийн иргэдийг тодорхой хугацаанд ажлын байраар хангадаг. Тодруулбал, 4-10 дугаар сарын хооронд ажилгүй Баянгол дүүргийн 112 иргэн талбайд мод усалгаа, талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгүүлжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулиудад Экологийн боловсрол олгох талаар зөвөлгөө өгч сургалт явуулж энэ талаар дур сонирхолтой сурагчдыг нэгтгэж ЭКО клуб байгуулсан байна. Баянгол дүүргийн ААН, СӨХ-үүдэд гадна тохижилтын талаар сургалт явуулж зөөвөр зөвөлгөө өгдөг аж.

Цаашид дүүрэг бүрт ийм агоппарк байгуулж, мод эрчимтэй таривал агаарын бохирдол буурна гэдгийг мэргэжилтнүүд ярьж байлаа.