Ардчилсан хувьсгалын анхдагч “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо

Мэдээг хуваалцах

1989 оны арванхоёрдугаар сарын 10
Энэ өдөр Ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч, түүчээ нь болсон “МоАХ” анхны албан ёсны цуглаанаа хийж Монголын төр засаг, эрх баригчдад хандан улс төрийн шаардлага тавьсан өдөр. 
Энэ цаг үед Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Ардчиллын дууч “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын урд боллоо.

Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд Улсын Их Хурлал дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ оролцож, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, Ардчилсан хувьсгалын 27 жилийн ойн баярын мэндийг хүргье. “Монголын ардчилсан хувьсгалын дууч” бидний журмын нөхөр С.Цогтсайхан агсны дурсгалд зориулж бүтээсэн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт иргэддээ болон хувьсалыг манлайлсан партизанууддаа Олон улсын хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалын 27 жилийн ойн баярын мэнд хүргье.

С.Цогтсайхан агсан улс төрийн манлайлагч, Ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-ны зохиогч гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Энэ дуу 27 жилийн турш ардчиллыг сурталчлах гол хэрэгсэл болж цуурайтсаар ирлээ. Монголд Ардчилсан парламентын тогтолцоог үүсгэн бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бий болгох үйлсэд гүйцэтгэсэн түүний үүрэг гавьяаг үнэлж, барашгүй юм гэлээ.

Уг хөшөө Улсын Их Хурлал дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийн санаачилгаар бүтсэн бөгөөд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд Улсын Их Хурлал дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ардчиллын үе үеийн төлөөлөл, иргэд олон нийт оролцож хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө.

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ