“Хажууд минь байгаад баярлалаа”

Мэдээг хуваалцах

“Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний танхимаас санаачилан хэрэгжүүлж буй “Хажууд минь байгаад баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонг тэсвэр хатуужлаараа ялан дийлж, хайртай дотны хүмүүстээ бүхий л амьдралаа зориулж яваа асран халамжлагч нартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Баярлалаа” гэдэг үгийг тэр болгон хэлээд байж чаддаггүй. Харин тэд сэтгэлийнхээ гүнд байдаг тэр л нандин үгийг гэр бүлийнхэндээ хэлж нэгэн сайхан гэгээлэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран халамжлагч нартаа хандаж хэлсэн чин сэтгэлийн мэндчилгээ, талархлын үгсийг нь дүрсжүүлэн асран халамжлагч нарт нь хүргэсэн явдалд баяртай байлаа. 
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан дүүргийн болон хороодын удирдлага, ажилтан албан хаагчдад баярлаж байгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчид мөн илэрхийлсэн юм.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн хажууд нь байнга асран халамжилдаг гэр бүлийхэнд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Герман улсад үйлдвэрлэсэн даралтны аппарат, гарын бэлэг гардууллаа.
Мөн хамтдаа авахуулсан дурсгалын зургийг асран халамжлагч нарт нь бэлэглэлээ.
“Хажууд минь байгаад баярлалаа” арга хэмжээнд нийт 23 хорооны 34 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний 34 асран халамжлагч нар оролцлоо.


Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
"Иргэний танхим"