ЭМГЭНЭЛ

Мэдээг хуваалцах

Балжиннямын НЯМДОРЖ

/1968-2017/

Бидний дотны анд, нөхөр хамтран зүтгэгч Балжиннямын Нямдорж 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгслөө. Б.Нямдорж нь 1968 онд Завхан аймгийн Сантмаргац сумын Улаан цохио газарт төрж, 1984 онд сумын 8 жилийн дунд сургуульд, 1986 онд Цэцэн уулын 10 жилийн дунд сургуулийг төгсч, 1994 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Малын их эмч мэргэжлээр, 2002 онд Улс төрийн боловсролын академи, 2004 онд Сант их сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэйгээр тус тус төгсчээ.  

Тэрээр 1996-2000 онд Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг дарга, 2000-2004 онд Сантмаргац сумын хоршооны дарга, 2004-2008 онд Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг дарга, 2008-2011 онд Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2013-2015 онд Завхан аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал, 2016 оноос Баянгол дүүргийн ЗДТГ-ын Стратеги төлөвлөлт, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар тус тус ажиллаж, төр нийгмийнхээ хөгжил цэцэглэлтэд хоёргүй сэтгэлээр он удаан жил зүтгэсэн юм.

Б.Нямдорж нь нутгийн удирдлагын өндөр мэдлэг боловсролтой, удирдан зохион байгуулах чадвар, арга туршлагаараа шалгарсан нэр хүндтэй шилдэг удирдагч, сэхээтэн төрийн албан хаагч төдийгүй хамт олондоо нэр хүндтэй нэгэн байсан юм.

Түүнчлэн иргэд олон түмнийхээ итгэлийг хүлээн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдон ажиллаж байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, “Эрх чөлөөний одон”, “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан”, төрийн дээд шагнал “Алтангадас одон”, “Тусгаар тогтнол одон”-гоор тус тус шагнажээ.

Талийгаачийн хүнлэг сайхан сэтгэл, нөхөрсөг зан чанар, ажил хэрэгч, зарчимч, төрийн албаны өндөр мэдлэг нь гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, хамтран зүтгэгч, журмын анд нөхөд бидэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

 

  Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамт олон.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон.