БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ “БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ АСАРДАГ ЭЭЖҮҮДИЙН КЛУБ” –ИЙН АХЛАГЧ, ДЭД АХЛАГЧ БОЛОН ГИШҮҮН ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН СТРЕСС МЕНЕЖМЕНТ СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээг хуваалцах

Шинэ коронавирусийн халдвараас үүдэн хөл хорио тогтоосонтой холбогдуулан тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Галиндэвийн Энхболдын санаачилгаар дүүргийн 23 хорооны иргэдийн дунд үйл ажиллагаа явуулдаг клуб, бүлгэм, зөвлөлийн гишүүдтэй цахим уулзалтыг зохион байгуулж хэвшээд байна.
“Бага насны хүүхдээ гэртээ асардаг ээжүүдийн клуб”-ийн ахлагч, дэд ахлагч болон гишүүдийн цахим уулзалтын үеэр ээжүүд маань хөл хорионы үед гэр бүл болон гэртээ байгаа ээжүүдэд мөн хүүхдүүдэд зориулсан сургалтууд авах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Тус клубийн ээжүүдийнхээ хүсэлтийн дагуу 3 цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ удаа стресс менежмент буюу урам зоригийн хуримтлал өөртөө үүсгэх, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд үүсдэг сэтгэл зүйн өөрчлөлтүүд, сөрөг мэдрэмж, бодлын хүлээсээс өөрийгөө чөлөөлөх, гэр бүлийнхэнтэйгээ харилцан ойлголцох харилцааны арга техник, шинэ мэдлэгээ амьдрал ахуйдаа хэрэглэх дадлыг эзэмшүүлэх “Стресс менежмент, Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх сургалт”-ад 350 гаруй ээжийг хамрууллаа.
Сургалтад хамрагдсан ээжүүд хүнд хэцүү цаг үед цахим сургалт зохион байгуулж, гэр бүл, үр хүүхэд, хань ижилтэйгээ хэрхэн зөв зохистой харилцах, эмэгтэй хүн, ээж хүн хэрхэн өөртэй итгэлтэй байх талаар зөвлөгөө өгсөнд туйлаас их баярласнаа илэрхийлж байлаа. Цаашдаа аавууд болон өсвөр насны хүүхдүүдэд зориулсан цахим сургалт авахыг хүсэж байлаа.