БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААНААР “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг 2012 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хамгаалал болоод хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг тасралтгүй хийсээр ирсэн ба иргэдийн хэрэгцээ, санал санаачилга, нийгмийн оролцоонд тулгуурлан дээрх ажиллагааг явуулж хэвшсэн.

Энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дийлэнх хувь нь иргэдийн, тэр дундаа зорилтот бүлгийн, залуу гэр бүлийн орон сууцны хэрэгцээг хангах асуудал эзэлж байсан. Шат шатны төлөөллийн байгууллага болон дүүргийн удирдлагууд дээрх асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх ажилд нэлээдгүй хугацааг зарцуулсан хэдий ч 2020 оноос дүүргийн иргэдийн хүсэл үе шаттайгаар биелэлээ олох боломж бүрдэж байна.
“Баянгол түрээсийн орон сууц” дэд хөтөлбөр нь 2020-2024 онд хэрэгжих ба хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эцэг, эх зэрэг зорилтот бүлгийн 1000 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулах боломж бүрдэж байгаа юм.
Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдаж,
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай,
- “Баянгол дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэж байна.
“Баянгол дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын төсөлд дүүргийн иргэдээс санал авах зорилго бүхий цахим хэлэлцүүлгийг 2020 оны 3 дугаар сарын туршид зохион байгуулсан ба журмын төслийн талаарх мэдээлэл 170 гаруй мянган иргэнд хүрч, үүнээс 80 гаруй мянган иргэн саналаа ирүүлсэн байна.
Өнөөдрийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар “Баянгол дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын төслийг хэлэлцэн баталлаа.

Баянгол дүүрэгт 2019 оны жилийн эцсийн байдлаар 62659 өрхөд 225279 иргэн оршин сууж байна.
Цаашид дүүргийн удирдлагын зүгээс иргэдийнхээ бодит хэрэгцээнд нийцүүлэн тэдний эрүүл, аюулгүй байдал, нийгмийн хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба иргэдийнхээ санаачлагыг мөн үйл ажиллагаа бүртээ тусгаж хэрэгжүүлсээр байх болно.