ТӨР, ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн, тэднийг оролцоогоор дамжуулан нийгэмшүүлэх, хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж үр дүнд хүрсээр ирсэн.
Аутизмыг таниулах дэлхийн өдрийг тохиолдуулан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төр, олон нийтийн байгууллагын түншлэлийн хүрээнд Монголын аутизмын холбоо, Монголын тусгай Олимпийн хороотой 2020 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Монголын Аутизмын Холбоотой дүүргийн бага болон дунд насны оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсролыг хамт олонд түшиглэн тэгш олгох зорилгоор эцэг эх, олон нийт, багш сурган хүмүүжүүлэгчдэд эерэг хандлагыг төлөвшүүлж, аутизмын талаарх ойлголт, мэдлэгийг олгох замаар оюуны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдийн адил орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар, Монголын Тусгай Олимпийн Хороотой дүүргийн оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг урлаг, гоо зүй, гар урлал, спортоор дамжуулан хөгжүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний идэвхитэй амьдралын хэв маягт сургах замаар тэднийг нийгэмшүүлэн төлөвшүүлэх зорилго бүхий “Хамтарсан фитнесс” хөтөлбөрийг 2020 онд үргэлжүүлэн хэрэгжүүлэхэд тус тус хамтран ажиллах юм.