ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨВҮҮДИЙН БАГШ, АЖИЛЧДЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ, ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээг хуваалцах

Өдөр өнжүүлэх төвийн ач холбогдол сургуулийн өмнөх боловсролтой дүйх хэмжээний чухал ач холбогдолтой байдаг. Эдгээр төвүүдэд хөгжил, төлөвшилтийнхөө гол суурийг олж авах насан дээрээ яваа хүүхдүүд хамрагдаж байна. Өдөр өнжүүлэх төв нь хичээлийн хөтөлбөрөөс гадуур хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах аюулгүй орчин байх шаардлагатай.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын хурлын хорооноос Монголын Өдөр Өнжүүлэх Холбоотой хамтран Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлж буй иргэдийг нэгдсэн зохицуулалтаар хангах, салбарын уялдаа холбоог сайжруулах, багш, ажилчдын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлж буй төвүүдийн багш, ажилчдын хүүхдийн эрхийн талаарх мэдлэг мэдээллийг сайжруулах, хүүхэдтэй ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
Сургалт, уулзалтанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Б.Бурмаа, Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын хурлын хорооны дарга Н.Болдбаатар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн удирдах албан тушаалтнууд оролцож мэргэжлийн арга зүй зөвлөгөө, мэдээллээр ханган хамтран ажиллалаа.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлж Өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлж буй иргэдийн нээлттэй, ил тод байдлыг бий болгож, үйлчилгээ авч буй хүүхдүүдэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан орчинд сурч, хөгжих үйлчилгээг хүргэхэд багш, ажилчдын мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.