ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛ, УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Мэдээг хуваалцах

#НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ 1981 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 1000 иргэн оролцсон бөгөөд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэднийг урлаг соёл, нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамруулах, нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

#Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тэдний нийгмийн хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх, оролцоо, хөгжлийн асуудлуудыг нэн тэргүүнд авч үзэхийг эрхэмлэн ажиллаж ирсэн бөгөөд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төдийгүй тэднийг байнга асардаг, халамжилдаг иргэдийн нийтлэг эрх ашгийн асуудал үргэлж давхар хөндөгддөг учраас аливаа үйл ажиллагаануудаа ч нийцүүлэн зохион байгуулж ирлээ.
Өнгөрсөн хугацаанд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцсэн олон талт арга хэмжээг зохион байгуулах, аливаа үйл ажиллагаанд оролцох оролцоогоор дамжуулан хөгжүүлэх, тэгш эрхийг хангах, төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал санаачилгыг хөхүүлэн дэмжихэд түлхүү анхаарч ирсэн бөгөөд иргэд маань ч гар бие оролцож бүтээх, хөгжүүлэх асуудал дээр хамтран ажиллая гэсэн санал санаачилгыг дэвшүүлэн хэрэгжилтэд нь идэвхтэй оролцож байгаад дүүргийн удирдлагын зүгээс #талархаж байгаагаа энэ ташрамд дуулгая.
Та бидний хамтдаа хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаа ажлуудаас цухас дурдвал дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэг оношилгоог жил бүр зохион байгуулахын зэрэгцээ бие бялдрын хөгжлийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамран хөгжүүлэх зорилго бүхий бүжгийн клубийн үйл ажиллагааг тогтмолжуулж, гэр бүлийн бат бөх байдлыг дэмжин урамшуулах, залуу үед үлгэр дууриал үзүүлэх зорилго бүхий гэр бүлийн ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулж байна. Мөн спорт, урлагийн уралдаан тэмцээнд тусгай номинац гарган оролцоог нь ханган, эрх зүйн болон бусад чадварыг хөгжүүлэх сургалт, мэдээллийн арга хэмжээ зэрэг олон ажлыг дурьдаж болно.
Мөн удахгүй болох “Олон улсын сайн дурынхан”-ы өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн клубийнхэн маань сайн дурын ажил хийхээр төлөвлөсөн төдийгүй Баянгол дүүргээс гэр бүлээ асарч буй иргэдэд зориулсан "Дэргэд минь байгаад баярлалаа" талархлын арга хэмжээ, сонсголын бэрхшээлтэй иргэдийнхээ дунд гэр бүлийн цасны баярыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.