БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШАТРЫН "НЭЭЛТТЭЙ" ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оныг “Иргэний санаачлагын жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн шатрын клуб, “Монголын шатрын холбоо”-той хамтран дүүргийнхээ 23 хорооны шатар сонирхогч нийт иргэд, хүүхэд залуучууд, ахмад үеийнхний дунд шатрын спортыг, хөгжүүлэх, шатар сонирхогч иргэдийг нэгтгэх, хамтран ажиллах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгын хүрээнд Баянгол дүүргийн 23 хорооны 500 гаруй шатар сонирхогч иргэдийн дунд “Шатрын нээлттэй тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 2018 онд 120 гаруй тамирчин оролцож байсан бол энэ жил 500 гаруй тамирчин амжилттай өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Шатрын “НЭЭЛТТЭЙ” тэмцээн 8 хүртэлх нас, 14 хүртэлх нас, 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй төрөл түүнчлэн энэхүү тэмцээний оргил буюу шилдгийн шилдэг “OPEN” тэмцээний аваргууд мөн адил тодорлоо. Энэ удаагийн тэмцээнд хамгийн бага нь 5 настай Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын ордны” шатрын дугуйлангийн сурагч байсан бол хамгийн ахмад тамирчин 4 дүгээр хорооны иргэн 85 настай Аграп гуай байлаа. Мөн хүүхэд залуучууд ихээхэн хүч түрэн орж ирсэн нь энэхүү спортын төрөл улам бүр залуужиж байгаагийн илрэл билээ.

Баянгол дүүргийн “Шатрын нээлттэй тэмцээн” МҮЭСТО-ны спорт залаанд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээний Шагнал гардуулах үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, дэд дарга П.Цэцэгмаа, Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Д.Цэцгээ, Хороодын “Иргэний танхим” хариуцсан хэлтсийн дарга М.Лхагвасүрэн нар оролцож тэмцээнд оролцож оюун ухаанаа сорьж бусдыгаа манлайлсан тамирчидад Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардуулж нийт тэмцээнд оролцсон тамирчиддаа амжилт хүсээд дүүрэг, хорооныхоо аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог манлайлагч иргэддээ баярлалаа. Дараа дараагийн олон тэмцээн, арга хэмжээнүүд дээр уулзахын ерөөл өргөлөө.
Мөн шатрын “НЭЭЛТТЭЙ” тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан шүүгчдийн бүрэлдхүүн, Нийслэлийн шатрын холбоо, “Гурван тамир” сургуулийн дасгалжуулагч багш нар, Баянгол дүүргийн 23 хорооны шатрын клубийн ахлагч нартаа талархсанаа илэрхийлье.