БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АМЬДАРДАГ КАЗАХ ИРГЭД “НАУРЫЗЫН БАЯР”-АА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Мэдээг хуваалцах

Урин хавартай учран золгож буйг бэлгэдэн хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг казах түмний ёс заншил, өв уламжлал, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон хаврын баяр-Наурызын баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Баянгол дүүрэгт амьдардаг 23 хорооны төлөөлөл болсон Казах иргэдийнхээ дунд "Хүндэтгэлийн арга хэмжээ” зохион байгууллаа.
Наурызын баяр бол дэлхийн олон сая казах иргэд өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн тэмдэглэдэг олон зуун жилийн баялаг түүхтэй уламжлалт баяр бөгөөд энэ өдөр хотол даяараа амар мэндээ мэдэлцэж, азай буурал ахмадуудаа хүндлэн дээдэлж, үнэт сургаалыг сонсч, хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, цаашдын ажил бүтээлээ хэлэлцдэг баяр юм.
Уг арга хэмжээг нээж Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд “Эрхэм хүндэт настан буурлууд, хүүхэд залуустаа, нийт казах иргэдээ Наурызын баярыг тохиолдуулан Баянголчуудынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Урин цаг наашилж, ургамал төлжих цагийг угтан золгодог Наурызын баяр бол манай казах түмний шашин соёл, уламжлал, ёс заншил, ураг төрлийн өргөн дэлгэр баяр билээ. Баярын энэ өдөр айл гэр, аймаг хотлоороо настан буурлууддаа хүндэтгэл үзүүлж, залуустаа сургаал элбэрлээ хайрлаж, улиран одож буй оныхоо амжилт бүтээлээр бахархан, алдаа оноог шүүн тунгааж, ирэх жилийнхээ өнгийг шинжиж, өөдрөг бүхнийг бэлгэдэн ерөөдөг сайхан уламжлалтай Казах түмэндээ баярын мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсье гэлээ.
Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээг Баянгол дүүрэг анхлан зохион байгуулж байгаа бөгөөд хүндэтгэлийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч С.Бямбадорж, хороодын Засаг дарга нар зэрэг албаны хүмүүс оролцож Баянгол дүүрэгтээ ажиллаж, амьдарч, хөдөлмөрлөж байгаа Казах иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.
Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн казах иргэд маань оршин суудаг төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хамтран гар бие оролцоход бэлэн байгаагаа илэрхийлээд хүүхэд залуустаа өөрсдийн уламжлалт өв соёл болох “Домбор”-ийн сургалтыг тогтмол зохион байгуулах хүсэлт гарган дүүрэгтэйгээ байнгын холбоотой байж хамтран ажиллахаар боллоо.

Та бүхэн сайхан баярлаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай!
Ұлыс оң болсын,
Ақ мол болсын!