“БАЯНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-8” “ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Иргэний танхим, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” хамтран дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилах, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Баянголд үйлдвэрлэв” цагаан сарын үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон 8 дахь жилдээ зохион байгуулж байна. 
2012-2018 онуудад 3-р хорооллын Апекс худалдааны төвийн В1 давхарын 748.8м2 талбайд хүнсний худалдаа, үндэсний хувцас, гутал, ноос ноолуур, бусад гэсэн 5 хэсэгт төрөлжүүлэн хуваарилж талбайг бэлтгэн үйлдвэрлэл эрхлэгчдийг хувиарлан үзэсгэлэнд оролцуулж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж ажилласан. 
Баянголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа нь 2012 оноос эхлэн 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өссөн дүнгээр 960 гаруй үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэн худалдаанд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэйгээр оролцож нийт 868,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Тус үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлсэн иргэдийн тоо 92,320 бөгөөд иргэд жил бүрийн цагаан сараар дүүргийнхээ үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн олон нэр төрлийн, өргөн сонголттой, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлүүлж сэтгэл ханамж өндөр байдаг билээ.
Хамгийн их борлуулалттай бараа бүтээгдэхүүнээр Монгол үндэсний дээл, хүүхдийн хувцас, ааруул, хүнсний ногоо байдаг нь борлуулалтын дүнгээс харагдаж байна. 
Баянголд үйлдвэрлэв-Цагаан сарын үзэсгэлэн худалдааны дундаж үргэлжлэх хугацаа 14-20 хоногийн үргэлжилж байсан ба худалдан авагч, үйлчлүүлэгчдийн тоо өдөрт дунджаар 940-900 байсан байна.
2019 оны Цагаан сарын үзэсгэлэн худалдаа “Баянголд үйлдвэрлэв-8” нь Баянгол дүүргийн 20-р хороо, Барс-2 худалдааны төвийн 2 давхарт зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 100 үйлдвэрлэл эрхлэгчид Монгол үндэсний болон хүүхдийн хувцас, бэлэг дурсгал, цагаан идээ, гарын бэлэг, үнэ эдлэл, хүсний бүтээгдэхүүн гэсэн 950 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэйгээр оролцож байна. 
Энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлог нь үйлдвэр эрхлэгчдийн хүсэлтээр илүү том талбайд, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг оролцуулж, дүүргийн хамгийн томоохон аж ахуйн нэгжүүд байрладаг хороо болох 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэд, үйлчлүүлэгчид хамгийн их үйлчлүүлдэг Хархорин, Барс-2 худалдааны төвүүдэд ойр, баруун чиглэлээс хотын төврүү орж ирж байгаа иргэд, худалдан авагчдад нэг дороос цагаан сарын бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог болж байна.
“Баянголд үйлдвэрлэв-8” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр буюу 2019 оны 01 дугаар сарын 23 ны өдөр Морь цагт эхэлсэн бөгөөд нээлтэнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, дэд дарга П.Цэцэгмаа, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг, БГД-ийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Чинбат болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид мөн дүүргийн холбогдох хэлтэс албадын дарга нар, Баянгол дүүргийн 23 хорооны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд оролцлоо.
Энэхүү арга хэмжээ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг, худалдан авагчид нь зорьж очин үйлчлүүлдэг нэр хүнд бүхий тогтмолжсон ажил болж чаджээ.