БАЯНГОЛ ДҮҮРЭГ ШИЛДГЭЭ ШАЛГАРУУЛЖ, ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ЖАНРАЙСИГ” ШАГНАЛЫН ЭЗНИЙГ ТОДРУУЛЛАА

Мэдээг хуваалцах

2018 он улиран одож, бид бүхэн өнгөрсөн онд хийж бүтээснээ, гаргасан ололт, амжилт бүхнээ дор бүрнээ үнэлэн ярилцаж, ирэх ондоо хийж хэрэгжүүлэх ажилаа төлөвлөж байна. Баянгол дүүрэг ч мөн адил 2018 оны төгсгөлд гаргасан амжилтаараа бахархан, шилдгүүдээ тодрууллаа. 
Мөн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор өнгөрсөн оноос эхлэн эх орон,нийслэл, дүүргийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцон, нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдийнхээ хөгжлийг дэмжиж ажиллан онцгой гавьяа байгуулсан хувь, хүн байгууллагад Баянгол дүүргийн дээд шагнал болох “АЛТАН ЖАНРАЙСИГ” шагналыг 2 дахь жилдээ гардуулж байгаа билээ. 
Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн дээд шагнал болох “Алтан Жанрайсиг” шагналын эзнээр 3 байгууллага өрсөлдсөнөөс Дэлхийд өрсөлдөнө уриатай “Тэсо” корпорац шалгарлаа. 
“Тэсо” корпораци нь хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга, байгууламж, уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилттай ажиллан салбар бүртээ манлайлан ажиллаж буй 14 компанийг үүсгэн байгуулж үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлсээр байна. 
Тус корпораци нь 1300 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд 25-35 насны залуу боловсон хүчин бүрдүүлж байна.
2018 онд “Тэсо” корпорацийн санаачлагаар хувийн хэвшлийн 27 компанитай хамтран, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Нөхөрлөлийн гудамжинд 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 1,9 км зам барих ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийн 50 хувь болох хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус корпораци шийдвэрлэсэн байна. 
Энэхүү замаар өдөрт 500 орчим машин дамжин өнгөрдгөөс ихэнх нь хүнд даацын том оврын авто машин байдаг учраас замыг чанартай, стандартын дагуу барихад ихээхэн анхаарч ажилласан. 
Ингэснээр уг замаар зорчих тээврийн хэрэгслийн эд ангиудад эвдрэл гэмтэл үүсэх, замын ачаалал ихсэж даац хэтрэх, тухайн орчинд тоос шороо дэгдэх гэх мэт хүндрэлтэй асуудлуудыг давхар шийдэж чадсан билээ. 
“Тэсо” корпорацийн санаачилга, үлгэр жишээ байдал нь төрд болон нийгэмд нэгэн шинэ жишиг тогтоолоо. 
Төр захиргааны байгууллагын шилдэг ажилтанд олгодог "ЖАНРАЙСИГ" шагналын эзнээр "Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв"-ийн Хүүхдийн эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байгаа Бумбаа овогтой Болормаа шалгарлаа.
Мөн дүүргийн шилдэг өрхийн эмнэлэг, шилдэг хэрэглэгчид үйлчлэх төв, шилдэг сууц шилдэг ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг тодруулсан юм. Түүнчлэн дүүргийнхээ иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж ажилласан төрийн өмчийн аж ахуй нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, төрийн бус өмчийн байгууллагуудыг оны шилдгээр шалгаруулан өргөмжиллөө. 
Баянгол дүүргийн хувьд 2018 он бүтээн байгуулалтаар дүүрэн, иргэдийнхээ хувь хүний хөгжил рүү чиглэсэн үйл ажиллагаагаар баян он болж өнгөрлөө. 
Ингээд ирэх 2019 ондоо Баянгол дүүргийн иргэд та бүхэн эрүүл энх байж, ажил хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Баянголчууд та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе.