ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮЛГЭМ, СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН МАНЛАЙЛЛЫН КЛУБИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Манай улсад өнөөдөр 2010 оны хүн амын болон 2015 оны завсарын тооллогын мэдээллээр 120 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн тоо гарсан ба үүнээс 60% нь олдмол буюу өвчин, авто зам, үйлдвэрлэл, ахуйн шинжтэй осол гэмтлийн улмаас бэрхшээлтэй болсон гэдэг судалгаа байдаг. Баянгол дүүргийн хэмжээнд 2017 оны байдлаар 6 мянга гаран хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч байна.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Иргэний боловсрол”-ын жил болгон зарласантай холбоотой ИТХ-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаандаа тэдний нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх, оролцоо, хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэх зарчмыг үйл ажиллагааныхаа мөрдлөг болгон ажиллах, Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний ээлтэй орчинг бүрдүүлэх, санал санаачлагыг дэмжих, санал солилцох зэрэг нийгмийн харилцаанд адил тэгш оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий уулзалтыг зохион байгуулж байна.
Тус уулзалтад Баянгол дүүргийн 23 хорооны Иргэдийн нийтийн хурлын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгэм, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Манлайллын клуб оролцож байгаа бөгөөд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулж байна. 
Уулзалтыг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодит мэдээллээр хангах, дүүргийн үйл ажиллагааг сурталчилан таниулах, идэвх оролцоог нь нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгцээг тодорхойлж, санал санаачлагыг нь дэмжин хамтран ажиллах талаар зөвлөмж гаргах юм.