БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 93 ДУГААР СУРГУУЛИЙН “ШИНЭ ҮЕ” БҮЖГИЙН ХАМТЛАГТ ХҮҮХДИЙН ОРДНЫ “ЭРДЭМ АЛТАН МЕДАЛЬ” ГАРДУУЛЛАА

Мэдээг хуваалцах

UBS Телевизээс зохион байгуулсан Perfect dance шоунд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Шинэ үе” бүжгийн хамтлагийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, дэд дарга Б.Бурмаа нар хүлээн авч уулзан Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медаль гардуулж өглөө.

Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн бүжгийн хамтлаг нь нийт 200 гаруй хүүхэдтэй бөгөөд тэдгээр хүүхдүүдээс 26 хүүхэд буюу 2-5-р ангийн хүүхдүүдээс бүрдсэн “Шинэ үе” хамтлагийг бий болгон Perfect dance шоунд сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцсон бөгөөд, хэдий насаар жаахан ч тус хамтлагийн гишүүд нэг хүн шиг байж бүхий л зүйл дээр хамтдаа эвтэй байж шоуны ялагч байж чадсан мундаг хүүхдүүд юм.

Тэд нэгдүгээр шатандаа бяцхан туулайн бүжингүүд зальт чоныг хэрхэн дарж буй зохиомжит бүжгээрээ шүүгч нарын хайрыг татаад амжсан. Нэг зүйлийг онцлоход тэд бүжгийн бүх л төрлөөр бүжиглэж чаддаг бөгөөд үүнийгээ ч тэмцээний гуравдугаар шатандаа харуулаад авсан. 26 хүүхдийн хувцас, хэрэглэл, бэлтгэлийг базаахад мэдээж хүндрэл их. Гэхдээ тэдний ар талд эцэг эх болон сургуулийн захиргаа нь бат зогсож чадсан байна.

Мөн хоёр дасгалжуулагч багш нь хүүхдүүдийнхээ хувцас, бүжгийн найруулгад өөрсдөө биечлэн анхаардаг гэдгийг хамтлагийн бяцхан гишүүд хэлсэн юм. Бяцхан авъяаслаг хүүхдүүддээ урлагийн их замналд нь өндрөөс өндөр амжилт хүсье.